Monday, October 15, 2007

Маркетингаа гэж...

Энэ ээж хачин хүн шүү. Аль ухаан орхоос авхуулаал хамаг юмыг чинь хамаж угаагаад л аав хажуунаас нь чийгтэж үхлээ болиошдээ! гээл. Өдөрт хэдэн удаа ч угааж цэвэрлэдэг юм. Ийм орчинд өсч торнисон би бээр ариун цэврийн байцаагч шиг сэтгэхүйтэй болсон хийгээд хир буртаг байтугай энд байх ёстой юм тэнд байж харагдвал шууд аазгай хөдөлж хэрэгтэн этгээдийг хазаад хаячихмаар болоод байдаг онцлог сэтгэхүйтэй. Халуун ус бол миний амь амьдрал. Цэвэр орчин бол миний сэргээш. Намайг цээрлүүлмээр байгаа хүн бол халуун ус нь тасраг гэж хараахад л би хэлээ гаргаад эрхийгээ гозойлгоно.

Улаанбаатар хотын гудамж талбай гэхээр л яахаараа хотын төв гэлтгүй шороогоороо бужигнуулан салхилж эх нутгийн минь шорооны амтыг араа шүдэнд минь мэдрүүлж байдаг байнаа? Манай ажлын гадаах хэсэг уул нь нэг муу асфальтан гадаргатай байсан юм. Зун хэсэг нөхдүүд том трактор машинуудаар өвч зэвсэглэн ирж далд хоолой солих нэрийдлээр сэглэн засвар хийсэн бөлгөө. Дараа нь сайхан засчнаа гээд тархи угааж, ааш намдаачихаж байгаа юм. Тэгээд их зэвүүн. Нөгөөх ажлаа бидэнд хуулиар олгогддог ганц амралтын өдөр хам хум дуусгаж хаяад бултан одов. За би бахираад ч тэднийг дийлнэ гэж номонд байхгүй. Ямар өлсгөлөн зарлалтай биш. Нэг юм хийх гэж нөгөө юмыг устгаж санаа амардаг улс одоо яая гэх вэ.
Одоо нөгөө асфальтыг нь хусаж хаясан газрын шороо машин дээгүүр нь өнгөрөх төдийд л бужигналдан наадаж тэрүүгээр өнгөрөгсөдийг элдэв хөдөлгөөн хийлгүүлж шоглох нь хөгжилтэй.

Манай тэр хавиар хүнд гарууд их цуглаж шилэн бүрээгээ үлээж хэвтэж өнжихөд зориулсан юм шиг газар байдаг юм.
Цэцэрлэгтэй, хогоо тушаачих цэгтэй, хэдхэн алхаад Пөмбөгөр. Юу гэх гээд байгааг мэдэж байгаа биздээ? Хог түүдэг архичин хүмүүсийн диваажин гэж нэрлэхэд яг тохирно. Ийм элдэв долоон шид нь бүрэлдсэн газар байдаг юм. Архичин хогчин нөхдүүд манай тэр хавиар хүнд хөнгөн биесээ засацгаачихна. Дараа нь алтан наран нөгөөхий нь хатааж салхинд бэлдэж өгнө. Салхи хуйсганан уурлахаараа нөгөөх бужигнасан шороог хамар амруу минь хайр найргүй чихэж өгөөмөр зан гаргана.

Манай тэндхийн хог тушаах цэг (нэрийг нь сайн мэдэхгүй юм. нөгөө хуванцар хаягдал худалдаж авдаг газар) нь контейнэр хэмээх чингэлэгт байрлах агаад хотын төвд олны хөлд байрладаг байршил сайтай, хэрэглэгч нийлүүлэгчдийн хэрэгцээнд тун ч тохиромжтой маркетинг сайтай газар. Хаанаас нь ч харсан элдэв гарчиг тайлбаргүйгээр танигдах өнгө үзэмжтэй хийгээд сохор хүн ч тэмтрэлгүй хайгаад олчих төгс үнэр танартай. Ашиг орлого өндөртэй ажилладаг нь холоос харахад л ойлгомжтой. Хоног хугацаа өнгөрөх тусам туршлага хуримтлуулж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж амжсанаар барахгүй шинээр ирэх хэрэглэгчдийг соронздон татсаар.

Ээжийг би бодоод л байна л даа. Намайг хэнэггүй гүндүүгүй хэр баргийн юмыг тоодоггүй сайхан эр болгож хүмүүжүүлсэн бол юу гэж хажуу хавирганыхныгаа нүд үзүүрлэж маркетинг менежментийг нь гайхаж суухавдээ гэж...

3 comments:

  1. Тиймэрхvv газар ч лайтай шvv Өвөлөөс ер нь масктай явж байя гэж бодоод байгаа. Утаа шороо хаах гэж.

    ReplyDelete
  2. Хавар, зун, намар нь ориг шороо, энэ тэр(таны хэлсэнээр байгалийн шалгарлаар бий болсон ХҮНИЙ ШОРОО)-ээр шуурч, өвөл нь хар алтны анхилам үнэрээр утасаар энэ дотор гэдэс болохоо байж байгаа байх даа. Нээрээ танай СӨХ мөнгө өгвөл халуун усыг чинь таслах болов уу? өөрөөр хэлбэл Авилгалд автагдах болов уу? та тэрийг нэг мэдээдхээч. тэгвэл ч... Ха ха ха

    ReplyDelete
  3. Миний ээж сайхан ээж
    Мяндас зөөлөн уян ээжий

    хэхэхэ. уул нь ээжийн тухай сайхан дуу дуулах гэсэн хамгийн түрүүнд энэ аманд ороод ирлэээ.

    ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ гээээд хаа явсан газраа хашгираад, хаа орсон газраа бичээд явмаар санагддийн.

    JUICE

    ReplyDelete