Monday, September 22, 2008

Шад пад

Нүдэн дээр гэрэл анивалзаад нойрноос сэрээсэн нь дүү нойргүйдээд тэлвийзэр асаасных байж. Зовлон жаргалаа хуваалцаж байгаа бололтой юм. Ажлаасаа хоцролгүй сэрсэндээ олзуурхаж босоод намрын сэрүүнийг мэдрэн ажилруугаа нүдээ хагас аниатай довтолгож байтал хажууд "шад пад шад пад" гэх дуу гаран сонирхол татав.

Хятад үйлдвэрийн хүүхдийн гялгар материалтай гурван хослолоор гангарч том улаан цүнх үүрсэн залуу ганцаараа алхаж явааг харвал гуравдугаар ангийн сурагч бололтой юм. Мань эрийг зэрвэсхэн харж гүйцэхдээ нэг л юм биш оргиод байгааг нойрмог тархиндаа тусгасан зараа ахын хүний мууд дуртай зан ч юм уу дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй эр зориг ч юм уу гүйцээж хармаар санагдаад ажвал хүүхдийн л лав биш гэхээр нээх том хар ботинк өмсчихсөн нөгөөхөөсөө ичих нь бүү хэл усанд сэлэгчийн лаап шиг шад пад гэлгэн ихэд хөгжилтэй алхах нь элдүү хүргэв. Мань хүн ахаасаа эрт сэрсэн бололтой. Өдмөөр санагдаад...

Зараа-Сайн уу?
Том гуталт-Сайн...
Зараа-Яасан том гуталтай юм?
Том гуталт-Хөлбөмбөг тоглоход л хэцүү байдийн...
Зараа-Чинийх үү?
Том гуталт-Аавынх...
Зараа-Хамаагүй бөмбөг өшиглөж байж улыг нь салгачихваа!
Том гуталт-Аав наачнөө...
Аав нь их л жижигхэн өмсдөг эр байхнэ дээ гэж шал дэмий юм бодоод салах ёс хийлээ.

Багын найз санаанд оров. Сөгнөгөрт намар орой сэрүүхэнд гадуур тоглож яваад хөлөө даарахаар үхрийн халуун баасанд дүрчихээд тоохчгүй гүйгээд явдаг нэг найз байлаа. Би өмсөх гуталтай хэрнээ мань хүнийг дуурайж хэд хэдэн удаа үхрийн баасанд хөлөө дүрэлцэж л явлаа. Хэсэгхэн дулаацах боловч нойтон хөл намрын хяруунд жиндэн улам илүүтэй даарах тул нэг их олигтой арга биш л санагдаж байлаа. Мань хүн аавыгаа унтаж байхад нь том хар ажлын гутлыг (бакалыг) нь өмсөж өрсөж гараад төд удалгүй баригдаж шалдан хөлтэй хоцорчихоод тоохчгүй инээгээд хүрээд ирдэг байж билээ. Ядруухан айлын хүүг Баяраа гэнэ. Нэрэндээ таарсан гэмээр баяр хөөрөөс өөр юу ч сацруулдаггүй. Уйлж байхдаа хүртэл ход ход инээж доголон нулимс болгочихдог чадвартай хүү байсандаа. Ай багын найз минь хаа яваа болдоо? Өнөөдрийн хүү бол яг тэрний өрөөсөн дугуй байлаа. Би л байсан бол томдсон гутал өшиглөсөн бол тоглоод явах нь бүү хэл гэрээсээ ч гарахгүй гүрийнэдэг. Мань хүн бол бүр сул талаа давуу тал болгон харагдуулах авъяастай нэгэн юм. Элдүүтэй харагдсан гэж яаваа?

7 comments:

  1. хүнд гар байж дээ. Өөөр тоглоом тоголжээ гэхгүй юу

    ReplyDelete
  2. Хөөрхөн хүү байна шүү

    ReplyDelete
  3. хэвлүүхэн эд үү.

    ReplyDelete
  4. хөөрхөн дөө хүүхэд гэдэг.. ээж ээ бид хаашаа алхаж явна..
    ээж төвөгшөөн:
    - харсан зүг рүүгээ.. хүү:
    - би тэгүүл харсан зүгрүүгэээ явж болох уу.. ээж:
    - болно оо.. хүү:
    - би тэр шалбааг руу л хараад байна..

    ингэхэд би ч гэсэнбагадаа хятадын церлодон шаахай өмсөөд л гудамжны шавхай туулах их сйахан санагддаг байж билээ..

    ReplyDelete
  5. хөөрхөн дөө хүүхэд гэдэг.. ээж ээ бид хаашаа алхаж явна..
    ээж төвөгшөөн:
    - харсан зүг рүүгээ.. хүү:
    - би тэгүүл харсан зүгрүүгэээ явж болох уу.. ээж:
    - болно оо.. хүү:
    - би тэр шалбааг руу л хараад байна..

    ингэхэд би ч гэсэнбагадаа хятадын церлодон шаахай өмсөөд л гудамжны шавхай туулах их сйахан санагддаг байж билээ..

    ReplyDelete