Thursday, December 18, 2008

Муур, нохой=Нүүрс

Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уул нь Засагт Хан аймгийн Эрдэнэ Вангийн хошууны хүн. Социализмын үед цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эр. Ороо бусгаа цагийн эрхээр ажиллаж байсан нэгдэл нь эзгүйрч хоосрон амьдралын эрхээр Улаанбаатар хотод шилжин ирж хэдэн малаа хуу зарж авсан Дэнжийн Мянга хэмээх хороололын умгар хашаа бага таван ханатай гэртээ эхнэр хүүхдийн хамт толгой хоргодохоор болсон билээ. Мань эрд их хөлийн хотод догь дориун ажил хийчих боловсрол мэдлэг дутсан учраас Нарантуул хэмээх түм түжигнэж бум бужигнасан наймааны газар аахар шаахар оймс цамцхан зарж, эхнэр Долгор нь бууз, хуушуурханаар наймаачдыг хооллож амь залгуулах болсоор нилээд хэдэн жилийг ардаа хийжээ.

Ядуу хүнд яр мундахгүйн үлгэрээр бензиний үнэ нэмэгдэж үүнийг дагаад бүх барааны үнэ дуу дуугаа авалцан тэнгэрт хадаж амь залгуулахад бэрх болон өдөрт түлээд гэрээ бүлээсгэчихдэг байсан хувин нүүрсээ худалдаж авч дөнгөхгүйд хүрэхэд Донгио Доржийн хэлсэн аргыг туршиж үзэхээр хоёр үхсэн муур түлж үзэхээр шуудайлан алхаж яваа нь энэ.

Донгио Дорж хууз сахалтай мангардуу эр байх бөгөөд дээхнэ үед нэг баазад гагнуурчин хийж байгаад хувьчлалаар гагнуурын аппаратаа өөртөө үлдээснээрээ одоо амьжиргааны гудманд халтуур хийн аахар шаахар төмөр наалдуулж өл залгуулна. Олсон хэдэн юм нь хаа ч хүрэхгүйд гоморхон шилтэй цэнхэртэй нилээд нөхөрлөнө. Эрдэнийг анх хотод орж ирэхэд нь нутаг нугаа бодсоных уу мань хүнд тус болж гэр бараа автал нь өөрийн нурж унах шахсан амбаарт хоноглуулж буян үйлдсэн тул Бурхан багш лугаа дээдлэн хэд гурван төгрөг олдвол дуртайгаар нь дайлахыг хичээнэ. Мань Доржоос элдэв шалдав санаа оноо ихэд гарч ирж Эрдэнийг гайхшруулахад нь дархан хүн бурхан ухаантай гэж дотроо шүтэх. Тэр олон санаа нь нилээд хэдэн удаа аминд нь орж байсан тул цор ганц авралын од нь Донгио Дорж. Харин яагаад Донгио гэж нэрлэснийг нь огт ухаарахгүй байсаар байгаад хорвоог барж мэдэх санагдана.

Нүүрс түлээний үнэ тэнгэрт хадах үед аяга тагш юм хувааж суусан Дорж нь машины дугуй шатааж болох тухай анх хэлж дугуй засварын газруудыг элээж дуусгав. Барагдашгүй их дугуй гэж юу байхавдээ? Дугуйчингууд гэж наймаачид гарч ирэн нөгөө үнэгүй авч түлдэг байсан дугуйг нь хөрөөдөж жижиглээд шуудайд хийн үнэ хүргэх болсоноор бага зардалаар дулаахан хоночих арга мухарджээ. Бас л нөгөө Донгиогоо бараадан амьдрал ахуйгаа ярихад хөлдүү муур нохой өглөө болтол цогшидог тухай мань Эрдэнэд ярьж нүдийг нь орой дээр нь гаргаж дөнгөлөө. Эрдэнэ дулаахан л хонож байвал дүүрсэн хэрэг гээд хогийн жалганд тас хөлдсөн байсан хоёр муурыг санан санан очтол яг хэвээрээ хэн ч оролдоогүй байгаад олзуурхан өвөртөлж явсан шуудайдаа хийгээд мөрлөв.

Электрон барааны Элба дэлгүүрийн хажуугаар сажилахуйд гудамруу харуулан шилэн хоргон дотор асаасан гайхуулсан хавтгай дэлгэцтэй телевизээр мэдээ явах бөгөөд их хотын бохир агаарын тухай сэдэв хөндөгдөн олон олон тэрбумыг төсөвлөөд гарын үсэг зуран гар хөлөө барин маасайх Их Монгол Улсын Их Хурлын Эрхэм Гишүүдийн дүрс үзэгдэх нь мань Эрдэнэд харь гаригийнхан гэмээр санагдах бөлгөө.

7 comments:

  1. Ай яасан ч аймар юм. Хөлчихгүй гээд хөлдүү муур түлнэ гэдэг, хэдий энэ зохиолч гэлээ, зохиол бүтээл амьдралаас л үүдсэн утга агуулгатай байдагсан.

    Өдрөөс өдөрт их зохиолын баатар шиг хүмүүс олноор бий болж байгаа нь бүүр ч аймаар юм даа. Хэн нэгэн гарч ирээд хормын дотор зохицуулаад цэцэглүүлэх бус хэн хэн нь хаана, хаанаа бодолтой, ухамсартай байж л амьдрал зөв урсгалдаа орох буй за.

    ReplyDelete
  2. өөө энэ манай тэндхийн улсын тухай л байна. Энэ муу 2-*н тухай яаж интернетэд гарчина гэж бодхов дээ. Таньдаг хүмүүс байна оо

    ReplyDelete
  3. ээ бурхаан, та үнэхээр сайн бичдэг юм байна шдээ. тэгээд яагаад өдий болтол энэ явъяасаа ашигладаггүй байсан юм бээ?

    одоо бол юу олдсонооо л шатааж байгаа. харин үр дүн нь хоолой хорсгосон энэ агаар.

    ReplyDelete
  4. Гоё Лодойдамбадав гээд дүгнэчихвэл дүүгээ...хэ хэ.

    ReplyDelete
  5. Хоолойгоо засаж аваад цааш алхав...

    Хүмүүсээ арай сайн дүрсэлж өгвөл өнгөт зурагт болох нь байна.

    ReplyDelete
  6. Танд зул сарын баярын мэндийг хүргэе! Шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

    ReplyDelete