Friday, January 30, 2009

Хазгар бөгтөр хоёр

Ицмигийн үхэх шахсаныг уншив. Бүтэлгүй явдалууд мань хүнд хэт их тохиолдоод байх шиг санагддаг нь юутай холбоотойг мэдэхгүй юм. Хувь заяаны тохиол уу? Бурхан түүнд хайргүйнх үү? Аль эсхүүл бүтэлгүй явдалуудаа тоох ч үгүй олонд тайлагначихдагтай нь ч холбоотой юм уу? Бүү мэд... "Гай газар доороос гахай модон дотроос" гэж тун үнэн үг юм гэдгийг өөрт тохиолдож байсан явдалуудаа эргэн дурссанаар сайтар ойлгож авлаа. Бодоод байхнээ надад тохиож байсан хүндрүүлсэн нөхцөл байдлууд Ицмигийнхээс нилээд хол давчихаж мэдэхээр юм. Санаанд буусан хэдээс бичиж үзье.

Ээж аав залуу байсных ч биз, завгүй байсных ч биз... Миний хувьд залуу гэр бүлийн анхны хүүгийн хувиар гологдсондоо л лав биш эмээ өвөө хоёр дээрээ бага насаа өнгөрүүлэх хувь тохиосон азтай хүн. Гэрэл гэгээтэй дурсамжууд бүхэнд минь "my hero" эмээ минь том байр суурь эзлэнэ. Бүр хар багын явдалууд санаанд минь бүүр түүрхэн байдаг ч найдвартай гарт байсан миний бие бие дааж тэнэх чадвартай болохоос өмнө нэг их бүтэлгүйтэж байсан явдал ой тойнд алга.

Өвөө минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэний дараахан нас өндөр гарсан эмээд тусалж дэмжих, хараа хяналт тавих, ирж очих, хэл ам өгөлцөж авалцахад дөхөмтэй байх үүднээс өссөн нутаг Сөгнөгөрөө хотын хойморт орших Санзайгаар солилоо. Энэ л үед бие даан тэнэх чадвар эр биенд минь ид жагссан бололтой. Санаанд байгаа надад тохиолдож байсан бүтэлтэй бүтэлгүй асуудлууд энэ л үеэс эхлэсэн байх гэж бодогдлоо.

Зуслангийн найзууд гэж сэтгэлээс гарахгүй сайхан дурсамжийн эзэд байдаг. Миний найзууд "комун" хүүхдүүд голдуу байдаг байлаа. Гэр орны ажилд сайн, их ухамсартай гэж болохоор ажилсаг хичээнгүй нөхөд. Уулнаас хуурай гишүү чирч овоолоод эмээ өвөөгийнхээ өвлийн түлшийг бэлдэх бол энүүхэнд. Асуудлыг хэд гурван төгрөгөөр шийдээд сурчихсан хүмүүст бол сэтгэл хөдлөм санагдахгүй ч 13-15 насны хөвгүүдэд бол нилээдгүй хүндхэн хөдөлмөр.

Анхлан модонд явж буй хүүхдүүд шинэковын хувьд паакталж хуурай нойтон нарс шал дэмий цуглуулж бүтэлгүй тэнэгээрээ дуудуулж эмээ өвөө нартаа зэмлүүлсэнээр хууччуудыг бараадаж сургалтад хамрагдан архаг модчингууд болно. Бидний хэдэн хөвгүүд үлгэр дуурайл болсоноор сүүлийн жилүүдэд нүүн очиж суурьшигчдын хөвгүүд бүгд "Гишүүчин" болдог байлаа.. Олон хүүхдүүд өдөр болгон уулын хуурай гишүүг түүсээр байгаад ойр хавьд хөлд торох юмгүй болчихно. Хуурай гишүүг ширүүн салхи модноос буулгаж бидэнд ойртуулахгүй бол ганзага хоосон ирэх аюул нүүрлэнэ. Нэгэнт уул гарсан л бол ганзага хоосон ирнэ гэдэг гутамшигтайд тооцогддог байсан тул нэжгээд уул давж байж хэд гурван хуурай гишүүний бараа харах энүүхэнд.

Ойрхон модны захруу шагайхад намайг барих уу даа гэсэн шиг сайхан данагар хар модны хуурай гишүүнүүд сагсайн хорхой хүргэх бөгөөд өвөг дээдэс болох сармагчингуудаасаа болхи болж хөгжсөн маниус түүнд хүрч өөрийн болгоно гэж гонжийн жоо. Зарим нэг маань авирч унаж хөл гараа хугалж нүүр амаа шалбалсанаар дахиж хуурай гишүүний төлөө хар модруу мацаж болохгүйг ухамсарласан байлаа. Гэхдээ хорхой хүрсэн хэвээр. Бараг зүүдлэгддэг байсан байх.

Нэгэнтээ найзтайгаа ярилцаж суугаад хоёул шинэ арга туршиж үзэхээр шийдэв. Аргачлал ихэд энгийн бөгөөд гурван төө хиртэй нойтон хар модны хугархай, арав гаран метр олс л хэрэгтэй бөгөөд олсныхоо үзүүрт нөгөөх хар модны хугархайгаа бэхэлж Гүржийн "Дэлхийн хамгийн хурдан хүн" хэмээх инээдмийн кинонд модруу авирсан нэгнээ олсоор татаж газарт унагаж авардаг тухай өгүүлдэг хэсгийн аргачлалаар ажиллах явдал. Уг арга маань машид их амжилт олсон нь бидэн хоёрыг олзонд шунахад хүргэсэн бөгөөд мөнөөх биднээр тохуу хийгээд "намайг барихуудаа?" гэж басан хорхой хүргэдэг байсан сайхан мөчирүүддээ санасны зоргоор хүрдэг боллоо. Бүр хэт ихийг шунан газарт овоолчихоод гэрлүүгээ үүрч явах гэж нялх биендээ хэтэдсэн ачааг үүрэн шуналын хүчтэйг гайхан зүтгүүлсээр харих маань ихэд олширлоо. Аливаад шинэ санаа гэж хэр чухал болохыг эндээс л би анхлан мэдэрч билээ.

"Эр хүн олзонд" гэгчээр бидний хэдэн нөхдүүд мөнөөх аргаараа гишүүгээ мултлаад явж байхдаа "Аливаа амжилт эрсдэл дагуулдаг" тухай энэхүү ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал)-оосоо бас л анхлан ойлгож билээ.
Нэг удаа найз бид хоёр нэг их сайхан бүдүүн гишүүнд шунаж ганцаараа татаад хүч хүрэхгүй байсан тул "Онь холбож" авлах санаатай хоёр олсоороо оосорлож байгаад нилээд алсаас зэрэг савлуулан нилээд хэдэн удаа угзчаад дийлсэнгүй. Сүүлдээ аргаа бараад ядаж олсоо мулталж авъя гээд зэрэг "Нэээг хоооёрын гууурвааа!!!" гээд уулаар нэг орилоод зүүгдтэл хоёулаа бөгсөөрөө зэрэг газарт лаг хийн унан юу болсоныг дөнгөж ойлгон дээшээ хартал өнөөх бүдүүн гишүү угаараа мултран мань хоёрруу дэлхийн татах хүчнээс хамаагүй хурдтайгаар айсуй... Зэрэг бултан холдохыг хичээсэн боловч найзын толгой, миний нуруу хоёрт тэгшхэн хүчээр "Лүккк..." хийн буухуйяа бид хоёр зэрэг "Хггг..." гэж битүүхэн дугарч байгаа сонсогдон хамаг юм харанхуйлав...

Хэдий хугацаатай хэвтэнийг бүү мэд. Сэргээд өндийх гэтэл нуруу нил хөндүүр хөдлөх арга алга. Нөгөөх маань ч өндийж байгаа харагдав. Найз маань толгойгоо барин сүүмийсэн нүдтэй амьтан их ууртай босож ирээд Монгол бакаалаараа нөгөө муу бүдүүн гишүүг зад өшиглөн хашраагаад хөл нь ихэд өвдсөн бололтой газарт дахиж унаад ёолж эхэллээ.

Хэсэг хэвтэж сэхэл аваад бусад цуглуулсан гишүүгээ хаячихаад нөгөөх муухай бүдүүн гишүүгээ хоёр талаас нь дамжлан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гэрлүүгээ хазгар бөгтөр хоёр салгаллаа...

16 comments:

  1. yooy yamar ineedtei yum bee, baahan ineelee...bur nulims tsiilegnuulsen gishuu chirsen tsarai chin tusuulugdcghiloo

    ReplyDelete
  2. Багийн иймэрхүү адал явдлууд асар том танин мэдэхүйн орон зай юм шүү дээ.

    ReplyDelete
  3. Өштөр станэрэ жаргал цэнгэлийн манлайд гарсааа...

    ReplyDelete
  4. Анонимд: Тиймэрхүү юм ч олон болж өнгөрсөн шүү.

    Заяад: Харин тих. Одоо ч танин мэдэж дуусах нь байтугай түүхийгээрээ л байна даа.

    Юкид: Бичлэгтэй холбогдолгүй сээгий бичихийг хориглоно.

    ReplyDelete
  5. ...дурсамжийг сануулсан сайхан дурсамж.

    ReplyDelete
  6. Нэг замналаар явж байсан юм байна шүү. Өөрийгөө уншичвуу гэж бодлоо.

    ReplyDelete
  7. Та хоёр лус хилигнүүлсэн байна ;-p

    ReplyDelete
  8. Нүдэнд харагдаж байна.

    ReplyDelete
  9. Zaraadaa xairiin odriin mend..xairtuudtaigaa saihan bayarlaarai.. :o)

    ReplyDelete
  10. Ингэж явсын бий вий гэж. Бага насанд аль холиохыг тэр гэхэв дээ. Хэ хэ

    ReplyDelete
  11. ГОё загвар уу гүй юу.

    ReplyDelete
  12. Мод нь бүхлээрээ унаад дарчихаагүй нь яамай даа. Тэгвэл зараа гэж блог байхгүй байх нь

    ReplyDelete
  13. Хөөрхөн юм. Орчин үеийн хэллэгүүдийг ашигласан нь донж нь тун ч тохироод дурсамж гэхээсээ илүүтэй хөөрхөн гоё өгүүллэг болж. Тэр хоёр хүүд бүр хайр хүрчихлээ. Бусдадаа хэлэхгүй гэж хэн хэн нь дотроо бодож явсан даа. Аягүй бол насан үүрдийн нууц ч байсан байх. Зараа гуай л задалчихаад буцаад өргөсөн дотроо орчихож байгаа болохоос хэ хэ. Харни блогний чинь нүүр ямар гоё болчихвоо. Хуваалцаарай

    ReplyDelete
  14. Багадаа яг ижилхэн аргаар гэрийнхээ түлээг бэлддэг байсан юм байна. Модон чарга хийж байгаад л зөөдөг байж билээ

    ReplyDelete