Monday, April 6, 2009

Сайн үгт эрдэнийн сан


Миний ширээн дээр Сажа Бандид Гунгаажалцан хэмээх их гэгээнтэний зохиол "Эрдэнийн Сан Субашид" хэмээх Цахар Гэвш Лувсанчүлтэмийн Монгол орчуулга ба тайлбар, Ц.Дамдинсүрэн, Ж.Дүгэржав нарын хянан тохиолдуулж кирилл үсгээр 1990 оны 7-р сард 50.000 хувь хэвлэсэн номын нэг нь байна.

"Урт Цагаан"-ы гудманд байрлах номын захаар үе үе шагайх дуртай. Тэнд элдэв шалдав хуучин, шинэ номууд их харагдах агаад хамгийн ихээр сэтгэл татсан нь жил гарангийн өмнө охиндоо уншуулах зорилготой 1000 төгрөгөөр худалдаж авч байсан "Сайн үгт эрдэнийн сан" буюу "Эрдэнийн Сан Субашид" хэмээх нэрээрээ Монголд алдаршсан оюун ухаан, сэтгэл санааг төлөвшүүлэх увидаст уран үгс, үлгэрүүдийг багтаасан гүн ухаан сэтгэхүйн цар хүрээг тэлэх шидтэй ном юм. Тус номын энэ хэвлэлтийг бага хүүхэд байхдаа эмээтэйгээ хамт уншиж ухаанаа тэлж байсан минь сэтгэлд хоногшсон болоод шунан дурласан бизээ.

Уг номыг дүрсэлбэл, Үүлгүй хөх тэнгэр шиг цэнхэр хавтас дээр чимэг сэлтээр гангарсан хар зааныг пийпаа хөгжим баруун гартаа барин хөгжиж суугаа залуу хөвүүн унаж яваагаар дүрсэлж "Эрдэнийн сан Субашид" хэмээх үгийг угалзруулан гоёжээ.
Оршилыг манай үеийг соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн өөрийн санаа оноо, судалгаа шинжилгээндээ тулгуурлан бичсэн байгааг уншиж суугаагаа азтайд тооцож сэтгэл ихэд баясан сууна.

Тус ном худалдаанд гарахдаа 10 төгрөг 00 мөнгөний үнэтэй зарагдаж байсан байх юм. Одоогийн ханшаар 30.000-40.000 орчим төгрөг орчим юм гэж бодлоо.

Сүүлийн үед энэхүү номонд шунан ширээнийхээ номоор залж байгаа бөгөөд цаашид нийтлэлүүддээ сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн уран үгсийн цоморлогийг иш татаж нийтлэвэл блог уншигч эрхэмийн оюуныг цэнгээх буй за хэмээн мөхөс би сэтгэлээ.

Энэ удаад өнөөдөр нүүрлэн буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбон хүргэж болох хоёр гурван үгийг оруулбал цагаа олсон хэрэг болох байх гэж...

Алагч хаад ноёдоос зугтсан хүн

Аврагч ноёдод яаран шүтьюү

Адад баригдаж өвдсөн хүн

Арвис тарничийг шүтэн залбирах мэт
(Ойлгомжтой биздээ? 7 сарын 1 нүдэнд харагдаж байна. Гэхдээ чонын амнаас гараад барын аманд гэдэг үгийг сайтар санавал зохилтой байх.)

Өөртөө магад ирэх үйл явдалыг
Үйлдээгүй цагаасаа бодож мэдвэл мэргэн буй за
Үйлдэн дууссан хойно дэмий бодох нь
Үзтэл тэнэг хүний зан гэж мэдтүгэй
(Сонгууль өгөхдөө худал үнэн амлалтуудыг чандлан нягталж сонголтоо мэргэн болгоно бизээ. Өнгөрсөн хойно нь яаж ч бахираад нэмэр үл олох тул сэтгэлийн хөөрлөөр юманд хандахгүйг хичээвэл тэ?)

Эрдэмтэй болоод сайн хүнийг ноён болговол
Үүрд хэрэг үйлс бүтээд, нийтээр амаржъюу
Ээрлийг хангагч чандманыг тугийн үзүүрт тахивал

Энэ насны хүсэл бүгдийг хангах хэмээн алдаршсан мэт.
(Нэг новшийн юм битгий сонгочихоорой л гэсэн үг)

...гэх мэт.

6 comments:

  1. Магадгүй хүмүүс Цахар Гэвш Лувсанчүлтэмийн Монгол орчуулга ба тайлбар, Ц.Дамдинсүрэн, Ж.Дүгэржав нарын хянан тохиолдуулж кирилл үсгээр буулгасаныг нь уншаад ойлгохгүй байх. Иймээс Зараатан та орчин цагийн ярианы хэлээр хөрвүүлэн буулгах их үйлсийг эхлүүлнэ үү. Харин номынхоо нүүрэнд дээр орчин цагийн хэлнээ хөрвүүлсэн номын их хүн Б.Зараа гэчих. Бараг бээст сээллэр болжчиж магадгүйм.

    ReplyDelete
  2. хоногшсон болоод шунан дурласан бизээ...сэтгэл ихэд баясан сууна...оюуныг цэнгээх буй за хэмээн мөхөс би сэтгэлээ...сонголтоо мэргэн болгоно бизээ гэхчлэн хэт яруу байгаа нь энэ номтой холбоотой байх нь ээ. Би наадхыг чинь уншиж үг хэлээ яруусуулахиймсан.

    ReplyDelete
  3. neeree goy nom shuu. baga baihdaa ulgeriig ni ih unshdag bailaa. jaahan tomrood urd baidag surgaalitai ni haritsuulj unshdag bolson. hehe gehdee odoo barag martajdee.

    ReplyDelete
  4. Цагийг олж сайхан сургаал айлдсан эрхэм ах Зараад талархав.

    ReplyDelete
  5. Olon yumiig tseverhneer bagtaasan ikh goyo designtai blog ba. Hezee neg iim goyo blogtoi bolnoo.

    ReplyDelete
  6. Сайн байна уу? Ийм нэгэн өгүүлбэр уг зохиолд чинь байна уу? "Иртэн баатар ган жадаар дийлээгүй юмыг Эрдэмтэн мэргэд хулсан бийрээр үзэглэнэ"

    ReplyDelete