Monday, September 21, 2009

Элсэн далай

Олон жилийн өмнө интэрнэт дээр тавигдсан байсан ухуулгын хуудас оройруу орж байна... Сайн санахгүй байгаа ч "ус нь урсахаа байгаад ан амьтангүй хувхайрсан цөл болсон байхад мөнгийг ууж, алтыг идэж болдоггүйг ухаарна даа" гэсэн утгатай байсан билээ.


Тэр үед нь хэдийгээр ухаарч ойлгож байсан ч байгаль эхээ хамгаалах сачий минь дутагдаж хий дэмий халагласан сэтгэгдэл үлдээхээс илүү юм хийж чадаагүй минь тун харамсалтай.


Тэр цагаас хойш байгаль дэлхий нүдэн дээр минь л шуламсанд илбэдүүлсэн мэт хувьсан өөрчлөгдөж хувхайрч сайршаад, үржил шимгүй хөрс, элсний нүүдлээр элбэгшижээ. Хуучин цагийн хангай газрын тухай домог мэт хууч яриа мөрөөдөлд умбуулахад нүүрэнд минь инээмсэглэл тодорч байдаг болсон.


Нүүрс шиг хар шороо, элсээр нүүр нүдгүй шуурч гэрээсээ цухуйх ч аргагүй болжээ. Цай хоолонд урилгагүй жор нэмэгдсэн нь элс. Анх хэн хоолонд минь элс шороо хийгээд байгаа тухай асуудал үүсгэж эхнэрийн заваан хоол хийдгийг гайхаж аргаа бардаг байсан боловч нийтийн хоолны газрууд хүртэл элс шажигнасан хоол өгөөд ирэхээр учрыг нь олж билээ. Одоо ч дасчдээ. Хуучин цагт бол говьд л элстэй хоол иддэг байсан тухай хууччуул ярих юм.


Намхан байшингууд элсний нүүдэлд дарагдаж хуучин цагийн траншейныхан шиг дээрээсээ ордог болсон бөгөөд шөнийн шуурганд хунгарласан элс хаалга, тооно дарчихаад өглөөдөө гэрээсээ цухуйна гэдэг хүнд асуудал. Дээрээсээ ордог элсэнд булаатай байшинг "тоонон хаалгат" гэж нэрлээд нилээд уджээ. "Тоонон хаалгатууд" өдөр ч бай шөнө ч бай гэрэл үздэггүй. Цонх хийгээд ч нэмэргүй, элсэнд дарагдчихна.


"Тоонон хаалгат" хэдэн айл сураггүй алга болоод аврах ангийнхан хэд хоног хайж ухсаны эцэст өлсөж үхэхийн даваан дээр байсан хэдэн хүнийг аварсан тухай мэдээллэв. Өндөр яндантай байсан тулдаа агаар солилцож амь гарсан тухай аврагдагсад ярьж байхдаа нүдэнд нь тэр гэхийн тэмдэггүй айдас хургасан харагдлаа. Яндан гэснээс, тоонон хаалгатуудад "яндан уртасгагч" зардаг шаггүй ашигтай бизнес дэлгэрсэн. Яндангаа уртасгахгүй бол элсэнд дарагдан агааргүйдэж үхэх тул хоол унднаас дутуугүй чухал хэрэгцээ. Нэг метр яндан уртасгагч 10 лирт усны үнэтэй.


Юмны үнийг усаар хэмждэг болсоноос хойш ус зардаг хүмүүс л хамгийн том баячууд. Ядаж байхад хоорондоо үгсэн хуйвалдаад үнээ зэрэг нэмж засаг төр, ард түмнээ сандралдуулан бужигнуулна.


Зайлуул шаварт унасан шарын эзэн гэгчээр Засгийн Газар, Улсын Их Хурал маань усны үнийн хөөрөгдөлийг зогсоох гэж шар махтайгаа хатаж гуйж нэг үзнэ, уурлаж нэг үзнэ, татваргүй болгож бас нэг үзээд олигтой шийдвэрт хүрээгүй хуралдсаар...


Цаадуул нь бас аргагүй байдал яриад л. Хойд хөршийн Байгаль далайгаас ус импортлох тал дээр хүндрэлүүд байнга үүсээд байдаг л гэнэ, татвараа нэмдэг л гэнэ. Байгаль далай хүртэл ширгээд зарим газраараа хилэм загаснууд нь ангалзаад үхэж байгаа л гэнэ. Бизнес хийж байгаа юм хойно ашиг боддог л байлгүй хөөрхий. Аргаа бараад өмнөд хөршөөс ус импортлох гэхээр хуурамч, хулхи ус холиод байгаа сураг чих дэлсээд авсан. Хятадууд ч муу юмандаа сайн цуснууддаа.


Оюу-Толгойд ажиллахаар явсан дүү маань хэдхэн жил ажиллаад уурхайн нөөц дууссан гээд цомхотгогдоод ирж байгаа. Оюу-Толгой маань онгойсон хар нүх л үлдсийм байх. Хэд хоногийн өмнө утсаар ярихдаа Оюу-Толгойн тухай, уул уурхайн мэргэжилтэй хүнд ажил олдохоо байгаа тухайгаа ярилаа. Уул уурхайн сургуулиудын сургалтын төлбөр хамгийн хямдхан нь ч байсан гэсэн оюутан олдохгүй болсон учрыг тайлав. Гүйээ нээрээ хаана ажиллана гэж нөөц нь дууссан салбарын мэргэжилтэн болж байхавдээ.


Монголд газрын баялаг гээд байх юмгүй болсон ч гэсэн Эрдэс Баялагийн сайд маань харин шилний үйлдвэрт элсээ экспортолж хэдэн тонн ус авчирах юм гэсэн шүү. Буурлын маань буян их юм зайлуул. Бүх хэвлийг нь сийчээд хамаг баялагийг нь дуусгасан ч элс нь хүртэл бидэнд өл залгуулах юм даа. Чингис хаан маань биднийхээ ингэж хөглөж байхыг харвал яасан их гомдох болоо хөөрхий.


Дасал болсон таагүй бодолдоо дарагдаж байх зуур догшин элсэн шуурганд цонхны муудсан түгжээ мултарч саван тас хийх чимээ гарч онгойхдоо олон жил ороогүй бороон дуслууд биенд минь сэрүү татуулан орлоо. Цочин сэрвэл хөнжил, дэрээ хөлөрч халууртлаа тас зуураад хар дарсан байлаа. Гал тогооныхоо өрөөнд орж цорго нээн цэл хүйтэн усыг ханатлаа залгиллаа. Гадаа зөөлөн бороо шивэрч, онгорхой орхисон нээлхийгээр намрын чийгтэй шөнийн цэвэр агаар сэнгэнэж байлаа.


16 comments:

  1. Сэтгэгдэл үлдээсэнд гялайлаа. Уул нь иймэрхүү бичлэгүүд сэтгэгдэл олж долоодгүйн хи хи...

    ReplyDelete
  2. Tsaashid yer ni gazriin tos, ashigt maltmaliin tuluu geheesee iluu Usnii tuluu dain bolj l mani hediigee chad hiilgeh vii dee gej aih yum.

    ReplyDelete
  3. Ингээд бодохоор байгаль дэлхийгээ хамгаалахгүй бол ирээдүй мөн ч бүрхэг харагдаж байна шүү.

    ReplyDelete
  4. Уралдаандаа түрүүлчихжээ

    ReplyDelete
  5. MW-д: Ашигт малтмал бол хязгаарлагдмал нөөцтэй. Харин бидний сэтгэхүй хязгааргүй нөөцтэй. Бэлэн байгаа юмаар биш тархиа ажиллуулбал нөгөө мундаг гентэй Монголчуудад амь зогоогоод байх боломжтой байх гэж бодоод байдгийн.

    Гансүхд: Энэн шиг бүрхэг юм байхгүй. Бүр хаяанд ирчихсэн байгаа шүү.

    Амарсайхан: Том хүнээс том үг сонсох сайхан байваа гэж...

    ReplyDelete
  6. Тийм ээ, сайхан бичжээ. Хөгжилтэй, энгийн, ойлгомжтойгоор бичсэн байна. Ихэд таалагдав.

    ReplyDelete
  7. үнэхээр гоё бичжээ. нүдэнд харагдтал. энэ үнэхээр л сэтгэл санаа тавихгүй бол болохгүй асуудал шүү. сүүлийн үед улам л хурцдах болсон

    ReplyDelete
  8. Зараа ахаа, урам хайрлаарай:
    хүн болгонд хэрэгтэй блог нээе гээд блогоо нээлээ, ороод гараарай, ухаарлаа ч аваарай, линкдээд ч өгөөрэй, урмаа ч хайрлаарай

    ReplyDelete
  9. Ungursun zun huduuguur yavj bhad shirgesen gol gorhiud mash ih bsan. ih l hetsuu haragddag yum bna lee.

    ReplyDelete
  10. Монкэйдэж байгаа байхдаа.
    Юутай ч энд биччие.
    Шинэ оноо сайхан угтаарай. Портал улам өргөн болох болтугай.

    ReplyDelete
  11. Сураг чинь алдрах шахаж, ойр ойрхон орж ирж шагайдиймсан. Хаагуур юу л хийгээд яваад байна даа.

    ReplyDelete
  12. Ашигт малтмал бол хязгаарлагдмал нөөцтэй. Харин бидний сэтгэхүй хязгааргүй нөөцтэй. Бэлэн байгаа юмаар биш тархиа ажиллуулбал нөгөө мундаг гентэй Монголчуудад амь зогоогоод байх боломжтой байх гэж бодоод байдгийн.

    Yostoi zuv... ene amidiin horvoo deer gants hunii tarhi oyun uhaan l hamgiin diildeshgui zevseg bas duusashgui bayalag dundrashgui hurungu

    ReplyDelete
  13. Yoo am tsangatal bichsen bna shd

    ReplyDelete
  14. Zaraa ahaa estoi goy bichsen baina shu

    ReplyDelete