Monday, May 13, 2013

Ээж Мод

Амралтын өдрүүдээр найзуудтайгаа өргөн олноороо шүтэн сүсэлдэг "Ээж Мод"-руу аяллаа. "Ээж Мод" нь Сэлэнгэ аймгийн нутагт аймгийн төвөөс холгүй байх ба суудлын тэргээр очиж болохуйц бартаа багатай газар байх аж.
Яг "Ээж Мод"-ны хавьд очиход олон түмний сүслэн биширсэн энерги шингэсэн гэмээр ариун дагшин орчин хүрээлсэн. Түмний хөлд дарагдсан байдлаас үзвэл надад төрсөн дээрх сэтгэгдэл худлаа биш нь ойлгомжтой болсон юм.
"Ээж Мод"-ыг хадгаар ороож дээдэлсэн байх ба өмнө нь идээ будаагаа өрж сүү өргөсөн байдалтай, тойруулаад дугуй булант цайгаар хашаалж урд талд нь хаалга гаргасан байх юм. Хашаа, хаалгаа хадаг яндар, идээ будаагаар бүрсэн нь Монголчуудын ариун дагшин газартаа ханддаг жишгийг харуулж байлаа.
Мөн нэг жишиг байдал харагдсан нь чоно газар нутгаа шээсээрээ тэмдэглэдэг шиг манайхан олноороо цугласан газраа хогоо хаяцгааж газар нутгаа тэмдэглэдэг байдал юм. Энд тэндгүй хоол ундны үлдэгдэл, хагарсан шил, архи пивоны лааз, сальфетка, гялгар уут... Ариун шүтээнээ бузарлачихаад "Ээж Мод"-ноосоо ичихчгүй юу хүсэцгээдэг бол оо?
Бид аялалын тухай хэлэлцэж байхдаа өмнө нь очсон туршлагатай хүмүүсийн амнаас эргэн тойрондоо маш их хогтой байдаг тухай мэдэж авсан ба хогийг цэвэрлэх зорилгоор дэлгүүрээс хогийн уут, бээлий зэхэцгээсэн маань зөв байжээ. Өмнөх жилүүдэд байсан хог нь бахь байдгаараа л байлаа... Бид, хэд хэдэн том хар ууттай хог цуглуулсан ч далайд дусалхан л нэмэр болсон болов уу. Харин очиж байгаа хүн болгон нэг уут хог түүж байгаль дэлхийгээ хайрлах аваас төд удалгүй цэмцийгээл явчих нь тодорхой. Гэснээс "Ээж Мод"-ны эргэн тойронд цэвэрлэгээ хийх нь мөргөснөөс дутуугүй сайнаар нөлөөлж найзуудын маань ажил үйл нь дэвжин дэлгэрч байгааг тэд хэлж байгаа шүү.
2013.05.13

2 comments:

  1. За тэгвэл дараа очихдоо бэлтгэлтэй очно оо, хог цэвэрлэх

    ReplyDelete
  2. Модыг ингэж хашиж, хадгаар бүрэх нь нээх сайн биш санагдаад байдаг. Ургахгүй, улам л хатаж хорчийх юм шиг санагдаад байдгийн. Нэлээд алсуур хамгаалалт хийгээд эмх замбараатай очоод хүсэлтээ шивнэчихэж болдоггүй л юм байх даа.

    ReplyDelete