Friday, September 6, 2013

Don't judge so quick буюу Бушуу туулай борвиндоо баастай

Зунжингаа амарч эрч хүч авсан хүмүүс 9 сар болохтээ зэрэг ажил төрөлдөө орцгоож аж амьдралаа хөдөлгөж эхлэвэй. Энэ нь интернэтэд амьдарчдаг надад бүр тод анзаарагдаж эхэлсэн ба муу нөүтбүүк маань асаах төдийд л бараг өөдөөс буцалдаг болоод байгаа. Фэйсбүүк, твиттерт үзэгдэхгүй байсан нөхдүүд пөг пөг дугарцгаагаад, энд тэндэхийн постуудад агрессив сэтгэгдлүүд нь ачааллаа даахгүй шуугилдаад, унших нь байтугай маусаа маажихаас ч залхуурдаг боллоо. Эдийн засгийн хямрал мямрал, авлига хээл хахууль, сургуулийн төлбөр нэмэгдсэн, цэцэрлэгийн хомсдол гэх мэтээс үүдэлтэй нийгэм бухимдсаны нөлөө ч бий л байх...

Бухимдал гэснээс нийслэлд тулгараад байгаа асуудлуудыг тойрсон шуугиан их өндөр авч байна аа. Сүүлд л гэхэд 2013 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбоотой Улаанбаатар хотын автозамын түгжрэл, хөдөлгөөнийг зохицуулахаар автотээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг хязгаарласан хотын даргын шийдвэрийг дор бүрнээ ёстой л шавиагаа ханатал "шүүгээд" шуугиад авлаа.
Фэйсбүүкийн 13,556 гишүүнтэй Paparazzi+Traffic группийн 2013.9.5 өдрийн 9:11 цагт оруулсан судалгааны асуулгын доор бичигдсэн сэтгэгдлүүдийн 90 гаран хувь нь сөрөг сэтгэгдэл, шүүмж бичиж үлдсэн 10 хүрэхгүй хувь нь дэмжсэн сэтгэгдэл үлдээжээ. Үүнийг шууд дүгнэвэл нийгэмд маш их дургүйцэл төрүүлсэн гэчихмээр байгаа боловч судалгааны дүнрүү өнгийвэл өмнөх дүгнэлтээс тэс ондоо үр дүн буюу иргэдийн сэтгэл ханамж бүр 76 хувь, өөрөөр хэлбэл "маш өөдрөг" үр дүн үзүүлсэн байдаг байгаа!!! Энэ тайланг судалгааны санал асуулга тавигдсанаас хойш нэг өдрийн дараа буюу 2013.9.6 өдрийн 12:48 цагт авсан. (Маш сайн 248, сайн 74, дунд 59, муу 10, маш муу 111) байлаа. Хэдийгээр хэт богино хугацаанд авсан тайлан боловч хэдэн сарын дараа үзсэн ч нэг их том зөрөхгүй байх.

Ер нь яахав манайхны нэг онцлог байдгийн, талархлаасаа илүү бухимдлаа илэрхийлэхдээ идэвхитэй байдаг. Дээрх жишээнд бол талархал нь тус судалгаанд нэг CLICK хийснээр хязгаарлагдсан байна л даа. Талархлаа сэтгэгдлээр бичиж үлдээх нь бялдуучилж долигоносон хэрэг болно гэж боддогийнх байж магад тэ? Энд нэг жижиг дүгнэлт хийчээд цааш явъя.
Дүгнэлт: "Интернэт орчинд олон нийтийн үзүүлж байгаа эсэргүүцэл, сөрөг сэтгэгдлүүд нь асуудлын үнэн бодит байдлыг илэрхийлэхгүй."
Тэгэхээр NETIZEN-үүд аливаа нэгэн асуудалд эсэргүүцэл үзүүлж харагдвал шууд дагаж намиралгүй өөрөө нэг шүүлтүүрдчихэж байхыг зөвлөж байна. Don't judge so quick!

За одоо бага зэрэг мурийгаад түгжрэлтэй холбоотой хэдэн үг хэлхэе. Бухимдсан иргэдийн сэтгэгдлүүдээс харвал хувийн өмчөө дураараа хэрэглэх сонирхол зонхилж байв. Нийслэлийн удирдлагууд зөвхөн иргэдийн хувийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал сая нэг тайвширах бололтой юм. Зөвхөн хувийн эрх ашигт нийцэж байгаагаас шалтгаалж юманд ханддагаа болих цаг аль хэдийн ирсээн найзуудаа. Бид чинь хот хүрээ газар нийгэмшиж амьдарч байна. Ухамсар хэрэгтэй юу? Хэрэгтэй...

Их хотын хүчин чадал нь тэрэг техник, хүн амын төвлөрлөө даахгүй хэмжээнд хүрчихсэн байна. Улаанбаатар хотын автозамын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9% нь автомашинтай байсан 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан бөгөөд хотын хүн амын даац 400,000–500,000 байхаар тооцоолсон байдаг. Өнөөдөр бид хэдэн арав дахин ачаалал нь хэтэрсэн хотод чихцэлдэж байна. Улаанбаатар хот 300.000 гаран тээврийн хэрэгсэлтэй ба жилийн өсөлт нь 17% -тай байна гээд боддоо.

Аливаа юмс үзэгдлийн хэт бөөгнөрөл давхар хор уршиг дагуулж байдаг. Үүний нэгэн адил Улаанбаатар хотод автомашины бөөгнөрөл, автозамын хэт ачаалал нь агаарын бохирдол, дуу чимээ, стресс үүсгэх зэргээр иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байгаа ба Улаанбаатар хотын нас барагсадын 10%-нь агаарын бохирдолтоос үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Өнөөдөр нийслэлийн агаарын тоосонцрын бохирдлын концентрац манай улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн бусад нийслэл хотоос хамгийн их бохирдолтой хот болжээ. Агаарын бохирдлын 20% -ийг автомашинаас ялгарах хорт утаа, тоосжилт бүрдүүлж байгаа юм. Энэ мэдээлэл 2 жилийн өмнөх судалгааны тайлан бөгөөд эл байдал улам даамжирсан гэдгийг та мэднэ. Мэдээж хэрэг дээрх сөрөг үр дагавруудыг эрхэм хувийн тэрэгтэй жолооч та шууд оролцоотойгоор бий болгож байгаа ба түүнийгээ та өөртөө "нааж" хортой агаараар амьсгалж стрессдэж эрүүл мэндээ хохироож байгаа.

Бид амьдарч буй нийгмийнхээ хурдацтай өөрчлөгдөж байгааг анзаарч, дасан зохицож, уян хатан байх шаардлагатай болжээ. Өнөөдөр олон хүний санаанд нийцүүлэхээсээ илүүтэй нийгмийн эрх ашгийн төлөө гаргасан хотын удирдлагын шийдвэр зөв байсан гэж судалгаанд хамрагсадын дийлэнх нь буюу 76 хувь ойлгосон байхнээ. Одоо та нар хувийн машинтайгаа аялах тухайгаа дахин нэг эргэцүүлнэ үү.

3 comments:

  1. Нийтлэлч, нийслэлч Зараа

    ReplyDelete
  2. аанхам энд бичдиймуу :)

    ReplyDelete
  3. Тих, энд л сууж байдаг байлаа даа ккк...

    ReplyDelete