Saturday, November 23, 2013

Шагнуулаагүйн төлөө шагнах...

Шагнал урамшууллын сезон эхэллээ эхэллээ... Байгууллага болгон л комисс байгуулж шагналын тухай асуудал хөндөцгөөж байгаа биз. Манайх ч бас шинэ жилийн комисс байгуулж баяр тэмдэглэх тухай хуралдацгааж мөн л шагнал урамшууллын талаар байр сууриа илэрхийлцгээлээ. Бусдын л адил олон янзын санаа гарч байна аа. Байгууллагын "Хамгийн хамгийнийг шалгаруулж шагная", "Хөдөлмөрийн аваргыг шагная", "Мисс Мистер шалгаруулж шагная" гэх мэт...
Бүсгүйчүүд ер нь шагналд нинжин сэтгэлийн үүднээс хандах гээд байх бололтой юм. Хөөрхий хэн гуай миний мэдэхийн өнгөрсөн 3 жил шагнал урамшуулал огт аваагүй, энэ жил өгчий, тэр гуай их гундуу яваад байх юм шагначий, нөгөө хэн саяхан төрсөн юм чинь баярлуулчий гэх мэт. Харин эрчүүд нь бол "худлаа" төвийг сахих маягтай. Баасан ахын төрсөн өдрөөр хуралдсаныг хэлэх үү бие нь ширээний ард, нүд нь намайг хараад байгаа ч цаанаа шал өөр юм бодоод байгаа нь илэрхий. Зарим нь бүр хоёр эсрэг шийдэл ярьж байхад хоёуланг нь дэмжиж дугарч ч байх шиг. 
Ямар зорилгоор шагнах гээд байгаа тухай нь асуувал "Урамшуулах гэж байгаан!" гээд өөдөөс нүднийхээ томыг гайхуулцгаалаа. "Ойлгож байна аа, ямар зорилготой урамшуулах гэж байгаан?" гэсний хариуд тэд нүдээ бүр том болгож үзүүлэхээс өөр тайлбар хийсэнгүй.
Дээрх явдлаас хүмүүс шагналд арай өнгөцхөн хандаад байгааг анзаарлаа... Ямарваа нэгэн үйлдэл болгоны цаана заавал нэг зорилго байдгийг энд дэлгэрүүлэлгүй үлдээе. Шагнал бол байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх тодорхой зорилготой нэг арга.
Хэрэв байгууллагын хүний нөөцийн баримталж буй бодлого нь ажилчдаа тогтвортой байлгахад чиглэсэн бол үүнийгээ дэмжээд удаан жил ажилласан хүмүүсээ шагнах, хэрэв санал санаачлагыг чухалчилдаг бол шинийг санаачилсан ажилтнуудыг дэмжих, ажилтнуудын хувийн хөгжил, чадвар нь компанийн ашиг олох үндэс болдог бол ажилчдын сурлагын амжилт, үр дүнг үндэслэн урамшуулах ёстой байдаг болохоос биш хэн нэгэн тодорхой амжилт үзүүлээгүй нөхрийг ШАГНУУЛААГҮЙНХ НЬ ТӨЛӨӨ ШАГНАЖ хавтгайруулах нь шагналын үнэ цэнийг унагаж буй хэрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байх тэ?
Нүдээ олсон шагнал гэдэг шагнасан шагнуулсан хоёртоо ижил нэр хүндийн баталгаа болдог тул шагнах зорилгоо нэгэнтээ эргэцүүлж сайхан мэргэн, шударга, оновчтой шагнах нь танай байгууллагын хүний нөөцийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулах болно оо.

1 comment:

  1. Aldart blogger, avyaslag xuurnegch, Ax zaraa maani oird Amar jimer ?

    ReplyDelete