Wednesday, April 2, 2014

Feedback буюу эргэх холбоо

Сүүлийн үед бухимдлыг минь нилээн бараад байгаа хоёр жишээг авч хөгжлийн хурдыг сааруулагч маш чухал хүчин зүйл болоод байгаа feedback буюу эргэх холбоо гээчийн тухай өгүүлсүү.

П******** гэж реклам, хаягийн компани байх. Өмнө нь нилээд юм хийлгэсээр байгаад захиралтай нь танил болчихсон, наануутай цаануутай ажил хэргээ өрнүүлчихдэг байсан юм. Өнгөрсөн цаг дээр яриад байгаа учрыг одоо өгүүлье.
Сүүлийн үед хамтын ажиллагаа нилээд гүнзгийрч бүх ажлуудаа энэ айлаар хийлгэж байхаар гэрээлээд хэсэг явлаа л даа. Эхэндээ их сайхөөн, "өө миний найзаа ингэчих үү тэгчих үү?" гээл өнөөх маань ч "өө тэгье өө найзаа" гээл ажил ч урагштай, жаргалтай байлаа. Манайд ямар жаргал удаан үргэлжлэх биш дээ, нөгөө шинэ гуанз ашигтай ажиллаад ирэхээрээ хоолны амт нь муудаж, порц нь хасагддагийн хуулиар хийж өгч байгаа ажлуудын чанар нь муудаад үнэ нь өсөв. За тэр ч яахав, үнээ нэмж хэмжээгээ багасгадаг хужаа зарчим гэж бодоод өнгөрдгийм байж.
Сүүлд ресепшний арын хананд лого хийж тогтоолгох ажил өгөв өө. Нөгөөдүүл маань ч логогоо хийгээд ирлээ л дээ. Тэр өдөр нь нэг жижиг асуудал үүсээд өнөөх логогоо хананд тогтоолголгүй хойшлуулсым. Хэд хоногийн дараа өнөөхөө тогтоолгохоор хүслээ. Хариуцсан ажилчин нь "За да, ажилтай байгаа даа, маргааш үдээс хойш л очъё" гээд утсаа таслав... Үдээс хойш нь ч байдаггүй, бүр маргааш өдөр нь ч таг.
Элдэв ажилд дарагдаад мартагначихжээ би бас... Гэнэт санаад залгалаа, HiTone нь жигтэйхэн сайхан тайвшруулах үйлчилгээтэй сонгодог ая яваад л... Утсаа авдаггүй дээ... Хэд хэд залгалаа уянгын аяз хөвөрсөөр л... Захиралруу нь залгаж хэллээ, "За хөгшин нь хэлээдхий, асуудалгүй байхөө" л гэж байна. Энэ үг нь түүний сүүлчийн үг байхым чинээ санасангүй. Таг байгаад байхаар нь залгалаа, бас л нөгөө уянгын ая... Сүүлдээ бүр энэ хэд маань захиралтай юутай хийтэйгээ аймшигийн киноны золиос шиг юм болчихсым биш байгаа даа? ч гэж бодогдох шиг. Хэлтсээрээ өртөөчилж батерейг нь дуустал залгах кампанит ажил өрнүүллээ дээ харин ч нэг. Өнөөдүүлд маань муу юм тохиолдоогүй байх аа, утсаа цэнэглэчихээд байгаа бололтой, тасрахгүй дуудуулаад л байх. 3 хонолоо...

За бас нэг видео танилцуулга хийлгэчих санаатай хайж байтал "Өө, шаагаад өгье" гэсэн хэдэн бацаан таарав. Үнэ нь ч хямд хийсэн ганц нэг ажил нь ч дажгүй болохоор нь за хөөрхий ажил эхлэх гэж яваа дэврүүн хүслийг нь дэмжчихье гээд л урьдчилгаагаа өгөөд л захиалга хийчихлээ. Мөн л дээр өгүүлсэнчлэн эхэндээ их дуулгавартай ах аа, эгч ээ гээл бөндөгнөлдөцгөөгөөд л байснаа нөгөө хүлээлгэж өгөх хугацаа нь хэтрээд ирэхийн алдад элдэв шалтаг тоочицгоогоод л өршөөл гуйгаад л эхэлж байгаам. Би ч нэх сүрхий амьтан дүрдээ итгэцэн нөгөөдүүлийг чинь харж үзээл, "за за ок одоо яг ямар хугацаа хэрэгтэй байна? тэрийгээ хэлээл ажлаа дуусга даа" гээд л... Сүүлдээ хэлсэн хугацаандаа ч амждаггүй "та яг үдээс хойш хүрээд ирэх үү?" гээд таг болцгоолоо. Үдээс хойш нь хөгц, чийг ханхалсан хуучин орон сууцны нэг өрөөг хөлсөлсөн байх студид нь яваад очлоо. Таггг чиггг... Утас ч таггг чиггг...

Иймэрхүү олон тохиолдлын хоёрхоныг дурслаа. Одоо нөгөө эргэх холбоо гэж ямар чухал зүйл болохыг дурдая. Бизнес гэж зарим нэг хүний төсөөлдөгчлөн зальдах, хулхидах замаар хэд гурван цаас олохыг хэлэхгүй ба бүр тусдаа соёлтой байдаг ажээ. Бизнесийн соёл гэгч чухал ухагдахуунд "Эргэх холбоо" нь багтдаг. Эргэх холбоог бүдүүлгээр тодорхойлоход "Үүсэж буй нөхцөл байдлыг харилцагчдаа цаг алдалгүй мэдэгдэж байх" гэсэн ерөнхий утгатай юм.
Үүссэн нөхцөл байдлыг нуун дарагдуулж ажлаа амжуулах нь таны бизнесийг аврах зам бишээр үл барам харилцагчийнхаа бизнесийг эрсдэлд оруулж байдгийг санууштай. Ингэхийн оронд айж ичилгүй асуудлаа тавьж бизнес хамтрагчдаа ажлаа зохицуулах боломжийг олгох нь тун ч хүнлэг, соёлтой үйл болдог ба таныг шударга хүн гэж харагдуулдаг.
Бизнес эрхэлж байгаа хүн бүр эерэг сөрөг харилцаанд орж үүнээс 70 гаран хувийг сөрөг харилцаа эзэлж стрессд өртүүлж байдаг тухай судалгаанууд бий. Харин стресс үүсгэсэн асуудлаас зугтах нь асуудлыг шийдэх нь тийм ч зөв зам байдаггүйг эрдэмтэн багш нар олонтаа сануулдаг байлаа. 
Амьд үхсэн нь мэдэгдэхгүй алга болох нь бөөн уур бухимдал цуглуулах болохоос ямар нэг асуудлыг шийдвэрлэх зам огт биш ба үүнийхээ оронд тодорхой мэдээлэл өгчихөөд сууж байх нь маш чухал бизнесийн соёл юм гэдгийг дахин дахин хэлмээр ээ...

1 comment:

  1. wlc back your world. Xarin naad feedback gedeg zuiliin chini talaarx oilgolgoltiig manai end suuj bga xeden nuxurt sain oilguulmaar bga yum bas.

    ReplyDelete