Friday, December 21, 2018

Утааг ингэсхийгээд шийдчий тэхүү?

Дөрвөн жилийн дараа уулзаж буй блог минь та сайн уу?

Өнөөдөр 2018 оны 12 сарын 21 өдөр. Утаа аймаар байна. Нохой хамартаа хүрэхээр усч гэж утааны чиглэлийн мэргэжлийн хүн биш ч гэсэн утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн болоод нийгмийн сэтгэлзүйн стресс дээд цэгтээ тулахаар утааг арилгах тухай тантай л адил санаа зовж, яаж утаагүй болох тухай боджихуй.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд маш их мөнгө зарж утаатай олон аргаар тэмцэх гэж төр засаг төдийгүй иргэд дор бүрнээ оролдож байгаа ч байдал улам дордсоор л байна. Бухимдал өндөр байгааг нийгмийн сүлжээ илэрхий харуулж байна. Нийт постын 50 гаран хувь нь утаа үлдсэн нь улс төр л байх шив. Сүүлдээ шагайхаас ч яс хавталзах маягтай. 

Урждар утааснаас гарах ямар шийдэл байгааг жиргээнээс асуусан. Маш цөөхөн буюу 5 хүн л өөрийн санал шийдлээ хэлсэн ба энэ нь биднийг зөвхөн шүүмжлэгч л юм байна гэдгийг харууллаа. Би чинь бас 12,600 дагагчтай хүн шүү дээ.

Ер нь яахав шүүмжлэл бол байх асуудал. Хоосон шүүмжлэл юунд ч хүргэхгүй байгааг харж байгаа биздээ? Зэрэгцүүлээд шийдэл хэлээд явчих хэрэгтэй гэх гээл... Твиттер фэйсбүүк анхааралтай ажиж суугаа асуудал хариуцсан албан тушаалтнуудын сонорт хүрч дэмжигдэх магадлал бас бий, яагаад гэвэл тэдний шийдэл амжилтад хүрэхгүй байгаа учраас...

Олон юм нуршчлаа, сорри. Надад нэг шийдлийн санаа байгаа юм. Төр мөнгө гаргаж массаар нь шийдэх гэхээр шахааны бизнес болоод ажил нь хасах чанартай болчихоод байгаа юм. Хариуцлагатай уях хэрэгтэй. Энэ тухай сүүлд ганц өгүүлбэр бичнэ.

Миний шийдэл юу юм гэхээр УБ хотын утааг нэг амиар илбэдэж шийдэх гэлгүй их томруулалгүйхэн шиг аж ахуйн аргаар үзээд алдая (алдах биш онох шүү) гэсэн санаа.

Байшин хороололтой залгаа, хотын төврүү цүлхийж орсон утааны голомтоос хэсэгчлэн эхлэе. Ганданг хамгийн түрүүнд авч үзье. Тоог нь нарийн мэдэхгүй ч цөөхөөн л айл бий дээ. Утаагүй дулаацуулах олон шийдэл яригддаг. Хотын төв учраас Ганданг дэд бүтцээр шийдэхэд хамгийн бага зардал гарах учиртай. Концессоор гэхдээ "Барьж Ашиглаж Шилжүүлэх" (BOT) нөхцлөөр нэг ААН-д өгөөд дэд бүтцээр байна уу өөр халаалтын шийдлээр байна уу хамаагүй утаагүй, дулаан болгоорой, дулааны төлбөрөөс ашгаа олоорой гээд утаагүй болгох хугацааг ирэх оны өвөл 10 сар гэдэг ч юм уу. Үүнтэй зэрэгцүүлээд 32 тойрог, 100 айл гм жижиг жижиг хэсгүүдийг ижил аргаар, олон төрлийн технологийг тус тусад нь туршиж хороодоор нь уралдуулбал ямар вэ? Нэг жилийн дараа гэхэд шилдэг шийдэл гараад ирнэ. Тэр шилдэг шийдлийг мөн л концессийн зарчмаар эрхийг нь олгоод явчихвал төсөвт дарамт учрахгүй ээ. Өмнө нь хариуцлагатай уях тухай хэлсэнчлэн "утаагүй бөгөөд дулаан байх" тухай гэрээнд хатуу зааж, хяналтыг НӨТ-ийн баримт шиг иргэдэд өгвөл гоё болно оо. Итгээрэй!

За яахав мэдээж утааны татвар, шилжих хөдөлгөөн хязгаарлах, хөдөөд өндөр орлоготой, бага татвартай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зэрэг зүтгүүлэх бол чухал уу чухал аа. 

Үүнээс гадна зөвхөн хувийн эрх ашгаас илүүтэй нийгмийн эрх ашгийг бодолцсон зоригтой шийдвэр бас чухал. Хотын автозамыг ачааллын хураамжтай болгож автомашинаас үүдэлтэй хорт хийн ялгарлыг бууруулах, албан байгууллагуудыг гаднах орчноо тохижуулахаар үүрэгжүүлж дэгдэмхий шороо тоосыг бууруулах, хотод бензин үнэтэй хөдөөд хямд байлгахыг түлш импортлогч компаниудтай хамтран зохицуулж шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийх нь өнөөдөр танд таалагдахгүй ч та хайртай дотны хүмүүстэйгээ хэдэн жил хамт эрүүл саруул, энх тунх амьдрах нь илүүтэй чухал болохыг надаар хэлүүлэлтгүй биз. 

1 comment: